Д.Нацагдорж Шувуун саарал
I
Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхүйеэ сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруйд танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, Хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал. Ойртон vзвэл хэдэн залуус морь тарлаж буй.
II
Сvрэнхүү саарал морины амыг арайхийн тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана.
III
Энэ vед удаа дараа хvрч ирсэн хvмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана. Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгvй гэнэ. Цугаар нэгэн зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зvг, зvг гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн ярилцан исгэрэлдэн одоцгоов.
IV
Үүрийн хаяа гэгээрэхүй дор, хөмсөг мэт сар далд ороогvй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн vзэгдэнэ. Гэтэл Сvрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зvг одов.
V
Өглөөний нар гарахуйяа, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин энэ үдэш нэг юманд яарна. Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хvрэхээр тэмүүлэн хатирна.
VI
Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул, өвсний толгой найгана. Өмнө биеэр хэрэн давхих гөрөөсөн уг ёсоор цэнгэлдээд, долгион мэт єнгєрнє. Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, яа сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг аа.
VII
Харийн хошууны нутаг дор ороход урьд үзэгдээгүй уул, ус ч бас сонин. Үүгээр түүгээр адуу мал зөндөө билчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана.
VIII
Сvүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнээ шамдах их тул чиглэсэн зvг давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг будруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид залуус түүний барааг харж гайхна. Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр хоцорно.
IX
Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн зуур далд орон, сураг үгvй болжээ. Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч, хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.
X
Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхүү шувуун саарал удирджээ. Тэртээ уулыг зөвхөн Сvрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно. Энэ үе Сvрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд галын оч гялалзав.
XI
Сүрэнхүү түүнийг vзэн баясаж, шууд давхин одох замд торох юмгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна. Удалгvй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн сацуу мєнхүү гэрээс хүн гарч нохойгоо дуудна.
XII
Сүрэнхүү чавганцаас-ийнх хаана буй хэмээн асууваас чавганц "Аа-а-а би сайн мэдэх үгүй, хүүхдээс асууя" хэмээн орж гэдрэг гарч ирээд "А-эндээс асар хол үгүй, гэвч ойр бус, бас ч шөнө харанхуй болсон тул морь бие алжаасан аваас манай дор хоноод өглөө эрт мордвоос дээр үгүй юу, хэрэв одоо явсугай хэмээвээс авгай чинь зааж өгсүгэй" хэмээхэд Сүрэнхүү яарах тул "Миний бас ч хөлрөөгүй Нас мөн ч залуу, авгай зааж өгнө үү" хэмээнэ.....
"Д.Нацагдорж бүрэн зохиол"УБ.2006 тэргүүн боть 259-271-р тал
No comments:
Post a Comment